Tuesday, 26 January 2010

Бяцхан эко


Байгаль орчин бохирдлоо, дэлхийн дулаарал болж байна л гэнэ. Антарктидад цасан уул хайлж, Улаанбаатар хот утаанд баригдлаа гэх юм. Экологи буюу байгаль хамгаалах талаар бид юу хийж байна вэ? Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээ сэлтийг харахад аль нэг яам, газрын дарга нарын хийх ажил юм шиг сонсогдоод байгаль хамгаалах тухай асуудал биднээс ихээ хол, тэнгэрээс дээгүүр эд юм даа гэсэн бодол төрнө. Тэгвэл дэлхий даяар бяцхан эко нэр томъёо гараад байгааг та мэдэх үү? Бяцхан эко гэдэг бол танаас эхлээд, жирийн иргэд бид өдөр тутмын амьдралдаа байгаль орчныг хамгаалахад юу хийж чадахыг зааж өгнө гэсэн үг юм. Гэрийн эзэгтэй та хоолоо хийж суухдаа, оюутан залуу та гудамжаар алхаж явахдаа л эх дэлхийгээ хамгаалах их үйлст хувь нэмэр оруулж чадна. Энэ талаар гадаад орнууд юу хийж байгаа талаар сонирхъё.

Эко урамшуулал

Япон орон байгалийн баялаг бага тул эрчим хүч хэмнэх асуудалд хамгийн их анхаарал тавьдаг. Улс орныхоо нийт эрчим хүчний 18 хувийг нь өөрийн хүчээр үйлдвэрлэдэг юм байна. Нефтиэс гарган авдаг энерги 49 хувь бөгөөд түүнийхээ 89 хувийг 2000 км хол Арабын орнуудаас 20 өдөр тээвэрлэж байж авчирдаг гэнэ. Мөн их хурал, засгийн газрын гишүүд нь костюм өмсөж, зангиа зүүхээ болих шийдвэр гаргасан. Энэ нь зуны цагт халуун дулаан ялгаруулахгүй байх сайн талтай аж.
Японы засгийн газраас байгаль орчныг хамгаалах шинэ технологи нэвтрүүлсэн үйлдвэр, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор Эко-оноо урамшууллын систем нэвтрүүлсэн билээ. Цахилгаан хэмнэдэг, агаарын бохирдол гаргадаггүй шинэ бараа худалдаж авсан иргэдэд эко урамшууллын оноо бас өгч байгаа юм. Нэг оноо нь нэг иен. Барааны төрлөөс хамаарч агааржуулагч 6000-9000, хөргөгч 3000-10000, зурагт 6000-36000 оноо байна. Хэрэв та авсан бараагаа хуучрахаар нь хог дээр гаргаад хаячихалгүй, үйлдвэр, дэлгүүрт нь буцаан тушааваас нэмэлт 3000 оноо авах болно. Эко оноогоо цуглуулаад та бараа худалдан авч болох бөгөөд мөнгөө цахим хэлбэрээр болон бэлнээр авч ч болно. Дэлгүүрт оронгуут бараан дээр тухай бүтээгдэхүүний эко үнэлгээг таван одны системээр тэмдэглэсэн байдаг.

Таны чадах “ Бяцхан эко”

 Үнэхээр л хэрэгтэй нэвтрүүлэг биш бол телевиз байнга үзэх нь таны нүдны хараанд болон байгаль орчинд хортой гэвэл та гайхаж магад. “Эн Эйч Кэй” телевизийн судалгаагаар телевиз нь асаалттай л биш бол тайван амарч чаддаггүй хүний тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс зарим үед телевизээ унтрааж радио сонсож сонин уншицгааж ягаад болохгүй гэж. Удирдлагаар унтраагаад зогсохгүй хананы залгуураас салгах хэрэгтэй. Дундаж айлын тогны мөнгөний 7.3 хувийг цахилгаан бараагаа хананы залгуураас салгаагүй үеийн тог эзэлдэг гэсэн тооцоо бий. Мөнгөнд шилжүүлбэл жилд 6800 иен болох ба жилд 171кг CO2 ялгаруулдаг байна. 32 инчийн телевизийг нэг цаг үзэхэд гарах энерги 50 дугуйг тасралтгүй давхиулсантай тэнцэнэ. Тус тусдаа биш, нэг өрөөнд гэр бүлээрээ хамт байх нь тогны мөнгөнд ч хэмнэлттэй. Илүү энерги ч гарахгүй.

 Өвөл салхи оруулахгүйгээр цонхоо сайн дулаалж, хөшгөө хаах хэрэгтэй. Ингэснээр тень залгаж давхар тог үрэхгүй сайн талтай.
 Халуун өдөр сэнс ажиллуулахаа больж, дэвүүр хэрэглэх. Цонхон дор, тагтан дээрээ ус асгаж сэрүүцэн, цахилгаанаа хэмнэж болно.
 Хэрэггүй үед дэлгүүрээс гялгар уут авахгүй байх. Даавуун тороо бариад дэлгүүр явах хэрэгтэй. Ингэснээр та хөрсөнд шингэдэггүй хог хаягдлаас бага боловч ангижрана.
 Цахилгаан бараанаас аль болох шинэ технологитойг нь сонгох.
 Японд жилд 100 тонн хувцас хаядаг гэсэн тооцоо бий.

Нэг хүн жилд есөн кг хувцас хаядаг байна. Хаягдал хувцаснаас 5-10 хувь нь дахин ашиглагдаж, бусад нь шатаагддаг. Хуучин хувцаснаас Азид 45 хувийг нь гаргадаг. Үйлдвэрийн хо тоос арчих алчуур хийхэд 20, бээлий зэргийг хийхэд 20 хувь нь зарцуулагдаж, үлдсэн 20 хувь нь зүгээр л хаягддаг. Байн байн шинэ хувцас авах нь ч бас байгальд хортой. Моод загвар хөөлгүй, өөртөө таарсан хувцас худалдан авах, оймс цоороход нөхөөд өмсөх, хувцас угаахдаа толбо, тосыг нь арилгасны дараа угаах нь байгальд тустай.

 Ижилхэн машинаар 120 км давхиад нэг нь гэрэл дохио дээр хөдөлгүүрээ унтраадаг байлаа гэж үзье. Унтраасан нь 800сс бензин хэмнэдэг. Та 10 минут хөдөлгүүрээ унтраахгүй байлаа гэж бодоход суудлын тэрэг 140сс, ачааны тэрэг 300сс түлш үргүй зардаг.
 Машиндаа хэрэггүй ачаа ачихгүй байх нь чухал. 10 кг ачаа ачихад 20сс түлш илүү зарна. Машин барихдаа гэнэт тоормослох, хурдлах зэрэг нь илүү утаа ялгаруулдаг ажээ. Тиймээс аль болох машин унахгүй, нийтийн унаа, дугуйгаар зорчих хэрэгтэй гэнэ.
 Дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 3 хувийг хэрэглээний ус эзэлдэг. Үүнийх нь ихэнх нь цас мөс хэлбэртэй бөгөөд ундны ус бол 0.8 хувь. Дэлхийн усны хэрэглээ хүн амын өсөлтөөс ч хурдацтай байгаа юм. Крантнаас нэг секундэд 200сс ус гоождог. Таван секундэд нэг литр ус үргүй зарна гэсэн үг. Нүүр гар, шүдээ угаахдаа усаа тэр чигээр нь гоожуулж байна уу, та. Крантаа нэг минут онгойлгоод орхиход 12 литр ус урсдаг.
 Усанд орсон үлдэгдэл усаар угаалга хийх, жорлонд хэрэглэж хэвших нь зүйтэй. Та аяга таваг угаахдаа хэдэн минут зарцуулдаг вэ? Усаа хаахгүй бол нэг минутад 12 литр ус гоождог. 10 минут гэж үзвэл 120 литр хэрэглэнэ. Тэгвэл саванд ус хийгээд угаавал 20 усаар элбэг дөнгөдөг байна.
 Шил, лаазыг тушаах хэрэгтэй. Пивоны шил найман жилийн турш 20 удаа ашиглагдах ёстой байдаг гэнэ.
 Болж өгвөл лифт хэрэглэхгүй байвал эрүүл мэндэд сайнаас гадна илүүдэл цахилгаан үрэхгүй.
 Эрт босч эрт унтах нь илүүдэл энерги зарахгүй сайн талтай аж.
 Хөргөгч тодорхой хэмжээний халууныг гадагш нь гаргаж байдаг. Хөргөгчинд хүрэхэд бага зэрэг халуун байдаг биз дээ. Хананд шахаад тавьчихвал илүүдэл инерги ялгаруулахгүй. Хөргөгчний ар талыг хананаас 10 см хүрэхгүй зайтай тавихад 15 хувь, хоёр см бол 20, дээр нь юм тавьсан бол 10 хувь илүү энерги зарлагаддаг байна. Өдөрт 24 цаг, 365 хоног тасралтгүй ажилладаг тул нарны гэрэлт тусахгүй газар, халаалтын паарнаас хол байлгах хэрэгтэй. Хөргөгчин дотор хөшиг хийх нь хүйтнийг нь алдахгүй байх тустай.

Хөргөгчөө байнга онгойлголгүй, халуун юм хийхгүй байвал хөргөх чадлыг нь нэмэгдүүлнэ. Хэт их юм хийвээс илүү инерги зарцуулдаг.
 Хэрэгтэй үедээ, хэрэгтэй хэмжээгээрээ ус буцалгаж бай.
 Сар бүрийн цахилгаан, усны төлбөрөө өмнөх сартайгаа харьцуулан үз.
 Төмс, ногооны хальсыг цэцэг, жимсний бордоонд ашиглаж болно.
 Хоолны савны ёроолын усыг сайн арчсан хойноо плиткан дээрээ тавиарай.
 Хоолоо дуустал нь идэж байх нь ч эх дэлхийд тус болдог байна.



Эх сурвалж: Өнөөдөр сонин.

0 comments:

Post a Comment