Хүн төрөлхтөнд нүүрс хүчлийн хий ялгаруулж буй хэрэглээний муу зуршлаа аль болох хурдан таягдан хаяж, хүлэмжийн хийг багасгахгүй бол уур амьсгалын давж гаршгүй аймшигт өөрчлөлт ирж байна. Дэлхийн дулааралд бүгд л хувь нэмрээ оруулж байгаа. Бид комьпютер хэрэглэх, автомашин унах, гэр орноо дулаацуулах, хүнс худалдаж авахдаа үргэлж л нүүрс шатааж гаргаж авсан эрчим хүч хэрэглэдэг. Гэхдээ хүн бүхэн адил хэмжээгээр гэсэн үг биш л дээ. Европ, Хойд Америк, Австралид амьдардаг хүн Хятадад амьдардаг хүнээс 3 дахин, Энэтхэгт амьдардаг хүнээс 10 дахин, Африкт амьдардаг хүнээс 100 дахин их хий ялгаруулдаг байна. Бас ядуу орнуудад ч баян хүмүүс ихээхэн нүүрстөрөгч ялгаруулдаг.Хүлэмжийн хийг бууруулахад хүн бүр хувь нэмрээ оруулж чадна. Нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, хүлэмжийн хийг бууруулдаг мод тарихаас авахуулаад эрчим хүчээ хэмнэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, усаа хэмнэх, үрэлгэн хэрэглээгээ багасгаж, дахин боловсруулж, дахин ашиглах, хувийн унаагаар бус нийтийн тээврээр зорчих, явган явах, дугуй унах гээд олон арга бий. Амьдралын хэв маягаа багахан өөрчилснөөр бидний олонхи нь өөрийн нүүрсхүчлийн хий ялгаруулах хэрэглээний бараг тал хувийг нь хэмнэж болох билээ. Бидэнд "carbon neutral" амьдрах хэцүү юу?. Магадгүй тэгж санагдаж байж болох юм. Гэхдээ бага гэлтгүй энэ талаар санаа тавих аваас хийх зүйл их шүү.Хамгийн эхлээд эрчим хүчний хэрэглээгээ багасгахаас эхэлж болно шүү дээ. Зурагт, компютер гэх мэт цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгах, угаалгын машинаа оройн цагаар хэрэглэх, цахилгаан шат аль болох хэрэглэхгүй байх гээд тоочвол олон юм байна. Эрчим хүчийг арван хувь хэмнэхэд л төдийчинээ хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах болно. Цахилгаан хэрэглэлийн улаан гэрлээ асаалттай орхих нь тог байнга зарцуулж байна гэсэн үг. Шөнийн турш улаан гэрэл нь асаалттай орхисон ганц телевизор л гэхэд Африкийн Брунди улсын нэг иргэний жилийн турш ялгаруулдаг нүүрстөрөгчөөс ихийг ялгаруулдаг байна. Иймээс хэрэглээгүй үедээ тэр тусмаа шөнө унтахдаа бүрэн унтрааж занших хэрэгтэй юм. Мөн гар утасны, зөөврийн комьпютерийн цэнэглэгч нь цэнэглэх үйлдэл хийгээгүй ч тогонд холбогдсон үедээ цахилгаан хэрэглэсээр байдаг. Ер нь залгуур багахан хэмжээтэй ч халсан л байвал цахилгаан хэрэглэдэг байна. Зөөврийн компьютер нь суурин компьютерээс, LCD дэлгэц нь CRT дэлгэцээс бага эрчим хүч зарцуулдаг болохыг санахад илүүдэхгүй биз. Сүүлийн 10 жилд нягтаршуулсан өдрийн гэрэл ашиглах нь их болсон. Ийм гэрлийг 6 -15 жил ашиглах боломжтой төдийгүй ердийн лампан гэрлийг бодвол эрчим хүч зарцуулалт нь 75 хувиар бага байдаг. Дэлхийн олон оронд нар, салхи, байгалийн хий гэх мэт сэргээдэх эрчим хүчний хэрэглээг сонгож байна. Бидний хэрэглэдэг нүүрс нь байгалийн хийнээс 2 дахин, нарны эрчим хүчнээс 6 дахин, салхины эрчим хүчнээс 40 дахин, усны эрчим хүчээс 200 дахин их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг гэдгийг санаарай. Усны хэрэглээгээ багасгах нь зайлшгүй хэрэгтэй . Аяга шанагаа бөөгнүүлж байгаад крантандаа усаа тосож савандаад дараа нь зайлах (ингэхэд зүгээр ус гоожуулж угааснаас хамаагүй бага ус орно), шүдээ сойздож байхдаа усаа хаах, усны крант чинь дусалж байвал засуулах гээд бас олон арга хэмжээ авч болох билээ.3 R-ийн дүрмийг нэг бодоод үзээрэй: багасга, ахин хэрэглэ, дахин боловсруул. Хуванцар нэг удаагийн сав, баглаа боодол хэрэглэхээс зайлсхийх нь дээр. дэлгүүрээс савласан ус авдаг бол том савтайг нь аваарай. Жижиглэн боосон бараанд олон баглаа бодол хэрэглэгдэнэ. Эсвэл зүгээр ус шүүгч аваад тавьчихвал савласан ус худалдаж авах хэрэггүй болно гэсэн үг. Даавуун тор хэрэглэх нь байгалиа хамгаалж байна гэсэн үг. Цаасан эдлэл авахдаа дахин боловсруулсныг сонгох, бас цайруулагч хэрэглээгүй бор цаас байвал бүр сайн. Хогоо ангилж ялгаад сурчихвал зүгээр нэг хаяад байлгүй зарим нэг ашиглаж болохыг нь дахин ашиглаж, дахин боловсруулснаар эдийн засагт ч хэмнэлттэй байх болно. Дулаан ялгаруулагч томоохон хүчин зүйлийн нэг бол тээврийн хэрэгслээс гарч буй хийнүүд юм. Иймд аль болох багасгахыг хичээгээрэй. Дэлгүүр хоршоо, хичээл сургуульдаа алхаад явчих. Эсвэл дугуй уна, нийтийн тээврээр зорч. Ядаж л шатахуун бага зарцуулдаг, жижиг автомашин хэрэглээрэй.Таны хүнсний хэрэглээ магадгүй дулаан ялгаруулагч томоохон эх үүсвэр байж болох юм. Юм худалдаж авахдаа тухайн газар аль болох ойрхон үйлдвэрлэгдсэнийг сонгооорой. Холоос импортолсон бол тэр хирээрээ их енерги зарцуулсан байгаа. Жишээ нь бид нар зусланд хөршөөсөө сүү худалдаж авдаг байвал тун сайн гэсэн үг. Аль болох химийн бодис бага хэрэглэсэн органик бүтээгдэхүүн худалдаж авах нь дээр. Үнэ өртөг нь өндөр л дөө, гэхдээ боломж олдвол санахад илүүдэхгүй нь.Мод тарих, ойжуулах нь байгал орчны нөхөн сэргээх хамгийн сайн арга төдийгүй нүүрсхүчлийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мод агаар дахь нүүрсхүчлийн хийг маш их хэмжээгээр өөртөө шингээж цэвэршүүлдэг. Харин мод тайрах явдал нь нүүрсхүчлийн хийг агаарт нэмэгдүүлэхэд чулуужсан түлш шатаасны дараа хоёрт орох томоохон шалтгаан болдог. Ямар ч үед модыг тайрахад өөртөө агуулж байсан нүүрсхүчлийн хийгээ агаарт цацдаг. Тийм учраас ой модоо хамгаалж, мод сүйтгэж байгаа үйлдэлтэй тэмцэх, айл бүр хашаандаа орчиндоо мод тарих нь бидний оруулж чадах томоохон хувь нэмэр билээ. Дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг бууруулахад та ч хувь нэмрээ оруулж чадах нь харагдаж байна. Мэдээж энэ бүхэн нь бид бүгдээрээ нийлж хэрэгжүүлж байж л үр дүнгээ өгөх болно. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэцгээе.
Thursday, 25 February 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment