Sunday, 28 February 2010

Байгалаа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй


1. Цахилгаан бага зарцуулдаг сүүн шил хэрэглэх
Энэ нь үнэхээр ухаалаг хэрэглээ. Сүүн шил нь цахилгаан бага зарцуулдаг төдийгүй гэрэлтүүлэг сайтай, удаан хугацаанд хэрэглэгддэг давуу талтай.

2. Шүдээ угаахдаа усаа хэмнэе
Та зөвхөн шүдээ угаахдаа 5 литр ус зарцуулдаг гээд боддоо. Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёр өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна. Нэг литр ус нэг төгрөг гэж бодоод гучин хоногтоо үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно. Тэгэхээр, та энэ үргүй зардлаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хаачих. Ингээд л асуудал шийдэгдчихнэ.

3. Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах тор, уутыг хэрэглэцгээе
Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой. Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг бас шинэ үеийн хүний амьдралын хэв маяг.


4. Голд машин болон хивс угаахгүй байх
Энэ нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг төдийгүй эргээд хүнд маш сөрөг нөлөөтэй юм байна. Хөндлөнгийн хүн харахад ч эвгүй байдаг шүү дээ.

5. Буудалласан газраа цэвэрлэх
Ажилд дарагдсан хүндхэн өдрүүдийн дараа дотны хүмүүстэйгээ агаарт гарах нь маш сайхан амралт болдог шүү дээ. Хээр хөдөө гарч байгальд зочлоход таатай байдаг боловч та буудалласан газартаа хог хаягдал орхихгүй байх нь маш чухал. Хогоо сайхан цэвэрлээд яваарай.

6. Ойд гал гаргахгүй байх
Ойд гал асаах нь ихээхэн эрсдлийг агуулж байдаг. Ямар нэг байдлаар гал асаахаар болбол болгоомжтой хандан, унтарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.

7. Сонгуульд нэр дэвшигчийн байгаль орчины төлөө хийж байгаа ажлыг харгалзан үзэх
Та өөрийн төлөөлөл болгон төр түшилцэх иргэнийг сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь байгаль хамгаалах болон түүнтэй холбоотой хийх ажлыг нягтлан үзээрэй. Учир нь бидэнд сагсны шийд, гараж барихаас илүүтэй амьдрах орчин маань эрүүл энх байх нь чухал гэдэгтээ та санаа нийлэх биз ээ.

8. Олон нийтийн газар болон ойд тамхи татахгүй байх
Энэ нь маш их аюултай. Тамхины утаа орчныг бохирдуулан цаашилбал, гал алдсан тохиолдолд байгаль орчин, олон нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, таныг эрүүгийн хариуцлагад татах болно. Хэрвээ, та тамхи татдаг бол зөвхөн зөвшөөрсөн газарт татах хэрэгтэй.

9. Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх
Маш зугаатай ажил. Яагаад гэвэл хүн бүхэн өөртөө ойр байгаль орчноо сайхан байлгахыг хүсдэг. Тэгэхээр, та мэдээллийн аль ч хэрэгслийг ашиглаж болно. Жишээ нь: Байгаль хамгааллын талаарх ном, гарын авлага худалдан авах.

10. Хүүхдэд багаас нь байгалиа хамгаалах талаар зааж сургах
Хүүхдийг багаас байгальд ээлтэй болгож хүмүүжүүлэх нь их чухал ажээ. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж үлддэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаг юм байна. Энэ мөчөөс эхлээд хүүхэдтэйгээ тавхан минут байгаль хамгаалал, зөв хэрэглээ, хүлэмжийн хий, хог, хаягдал хоол, эрчим хүчний зарцуулалт, амьдрах орчноо хэрхэн хамгаалах талаар ярилцаарай. Ингэснээр тэдэнд маргааш тулгарч болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг олгож байгаа хэрэг. Таны бэлтгэсэн боловсролтой иргэн хүрээлэн буй орчноо илүү ихээр хайрлан хамгаалах нь эргэлзээгүй.

11. Хамт олон хөршөөрөө нэгдэж орчноо сайхан болгоцгооё
Амьдарч байгаа орчноо нэг харья. Хөрштэйгээ, хамт олонтойгоо хэн нэгэнтэй хамтраад амьдардаг орчноо сайхан болгох боломж бидэнд маш олон байна. Хамтраад мод тарья, хамтраад цэвэрлэгээ хийе, хамтраад замаа засья, хамтраад байгаль орчноо сайхан болгохын төлөө тэмцье.

12. Жорлонгийн ус гоожоод байвал хурдан засья
Дуслыг хураавал далай гэж монголчууд ярьдаг. Усыг дэмий гоожуулах нь эдийн засгийн асар их алдагдал үүсгэдэг. Тэгэхээр, та жорлонгийнхоо эвдэрсэн хэсгийг засуулснаар мөнгөө хэмнэхээс гадна доод айл руугаа ус алдахаас сэргийлэх болно.

13. Хотын захиргаанд саналаа хэлээрэй
Та өглөө гэрээсээ гараад өөрийн явж буй замаа ажиглаад нэг хараарай. Замын хашлагаас алхам хүрэхгүй зайнаас явган хүний шороонд дарагдсан нарийхан зурвас эхэлж байгаа. Энэ бол та бидэнд зориулсан ЗАМ. Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд, хүүхэд залуучууд дугуйтай явбал зөрж бараг л багтахгүй. Дээр нь тоос шороо, хог новшиндоо дарагдчихсан. Ийм замыг туулж буй гутал хөөрхий. Тоос бужигнасан агаараар амьсгалж байгаа уушги бүр л хэцүү байдалд байгаа байх. Танд энэ бүхэн огтхон ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингэхээр, та өөрийн болон бусдынхаа эрх ашгийн төлөө Үндсэн хуулиар дархлагдсан эрх буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдлэн хотын захирагчийн албанд асуудал дэвшүүлэн, шийдвэрлүүлэхийг бодогтун. Энэ нь таны тав тухтай аюулгүй байдал, эрүүл амьдрах, байгаль орчноо хамгаалах их үйлсийн тань нэг болно гэдэгт итгээрэй.

14. Зажилсан бохио хаа дуртай газраа хаяхгүй байх
Ил задгай хаясан бохь хувцсанд наалдаж муухай болгодог. Мөн бохь гялгар ууттай адил байгальд шингэтлээ маш их уддаг ажээ. Тэгэхээр та жижиг гэлтгүй бохио ч бас хогийн саванд хийж дадаарай.

15. Сайжруулсан зуух хэмнэлттэй түлш хэрэглэе
Та дулаан сайн хадгалдаг сайжруулсан зуух хэрэглээд үзээрэй. Үнэхээр өөр. Бас тэр зуухандаа хэмнэлттэй түлш хэрэглээрэй. Энэ нь хорт утааг багасгана, өрхийн эдийн засагт ч хэмнэлттэй.

16. Хаалга цонхоо дулаалаарай
Мөнгө зарцуулж олж авсан дулааныхаа 20-30 хувийг та зөвхөн хаалга цонхоороо гаргаад явуулчихдаг байна. Хэрэв хаалга цонхоо сайн дулаалах юмуу чанартайгаар соливол та дулааны хэмнэлттэй амьдарч байгальд ээлтэй байгаа хэрэг болно.

17. Хүүхдээ гудамжинд чихрийн цаасаа хаяхгүй болгон хүмүүжүүлээрэй
Та хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлбэл хүүхэд өсч том болон нийгэмшихэд чухал нөлөөтэй. Идсэн чихрийн цаасаа ил задгай хаях нь соёлгүй хэрэг гэдгийг ойлгуулж, түүний амьдралд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах зэрэг сэтгэхүйг суулгаж өгч байгаа хэрэг юм.

18. Гудамжинд бие засахгүй байх
Энэ нь хамгийн бүдүүлэг хэрэг юм. Хэрвээ та гудамжинд бие засч байгаа бол өөрийгөө хамгийн èхээр гутаан доромжилж байгааг ойлгоорой. Мөн та агаар бохирдуулан, хотын соёлыг гутааж байна. Хамгийн анхаарууштай нь та бохир буюу шээстэй агаараараа амьсгалж байна шүү дээ.

19. Гудамжинд шүлсээ хаяхгүй байх
Таны хажууд явж байгаа хэн нэгэн шүлсээ хаячихлаа гээд та төсөөл дөө. Маш муухай харагдаж байгаа биз. Хэрвээ, та бас ингэдэг бол даруйхан уг зуршлаасаа салах хэрэгтэй. Шүлс болон түүгээр бохирдсон агаараар 300 гаруй халдварт өвчин тархдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм байна. Та өөрөө болон дотны хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалахын тулд шүлсээ гудамж талбайд хаяхаа больж, ийм үйлдэл хийж байгаа хүнд шаардлага тавих хэрэгтэй.

20. Түр хугацаанд зогсохдоо машиныхаа хөдөлгүүрийг унтраах
Таныг зорьсон газартаа хүрэхээр явахад нэлээдгүй олон удаа замын бөглөрөө таарч байгаа биз. Ингэж ойр ойрхон зогсох нь машины эд ангид муу төдийгүй шатахуун их зарцуулан агаарыг ихээр бохирдуулдаг байна. Хэдийгээр, танд түгжрээг арилгах арга тэр болгон олдохгүй боловч машин болон агаарыг хамгаалах арга байна. Та машины хөдөлгүүрээ унтраачих!

21. Угаалгын бодисуудыг аль болох бага хэрэглэхийг хичээх
Хэдийгээр угаалгын бодисоор угаасан зүйлс өнгөлөг, гоё үнэртэй байдаг хэдий ч химийн бодис учир хүний биед хортой. Мөн тийм ч хямдхан байдаггүй. Та тохируулан хэрэглээрэй.

22. Усны цорго чинь цоорсон бол солих
Цоорсон цоргыг хурдан солих хэрэгтэй. Энэ нь усыг ихээр гоожуулдаг төдийгүй гоожсон ус нь тосгуурыг тань зэвтэй усаар шарлуулдаг байна. Та цоргоо засварлах боломжгүй бол зориулалтын жийргэвчээр ороон түр аргалж болох л юм.

23. Мод тарьцгаая
Орчноо тохижуулан мод тарих ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та гэрийн цонхныхоо өмнө мод, бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцан сурах болно.Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай.

24. Хогоо ил задгай хаяхгүй байх
Та өөрийн хэрэглэсэн зүйлээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд нь хийж заншаарай. Энэ нь ариун цэврийн хувьд маш чухал төдийгүй, байгаль орчныг цэвэр цэмцгэр байлгахад оруулж буй таны томоохон хувь нэмэр юм.

5. Нөхөдтэйгөө хамт явах
Тантай зам нийлэх хүн байвал түүнтэй хамт машинаар явж болох юм. Тус тусдаа машин хэрэглэснээс нэг машинд явах нь шатахуун түлш хэмнэж, утааг багасгах төдийгүй эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй юм.

26. Угаадсаа гудамжинд битгий асгаарай
Өвөлд хальтаргаа гулгаа үүсгэн хөл гарыг тань хугалах шахдаг зүйл бол яах аргагүй УГААДАС. Түүний хөрсөнд шингэсэн бохир агаараар амьсгалан өөрийгөө хордуулж байна. Тэгэхээр, та хатуу шингэн хийн төлөвт оршдог ус буюу УГААДСЫГ ил задгай газарт битгий цацаарай.

27. Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья
Хэн нэгэн мунхаг хүн таны ойр орчинд мод эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

28. Түлшний хэмнэлттэй машин худалдан авах
Түлш хэмнэж эдийн засгийн зардлыг багасган байгаль орчныг хорт утаагаар бохирдуулахаас сэргийлэн бага оврын, шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэцгээе.

29. Хадаг
Машинаараа суун хөдөө гарахаар хөдлөнгүүт замын дагуух шонд уясан, овоон дээр хийсгэсэн хадгийг хараад та юу боддог вэ? Надад бол тааламжтай санагддаггүй. Учир юу гэвэл ёс төртэй, бидний хүндэтгэн биширч байдаг зүйл шүү дээ. ХАДАГ. Түүнийг тоосонд даруулан салхинд хийсгэх нь яавч зохимжгүи. Бурхан шашнаа хүндэтгэж, буян хүслээ шингээн, амь юугаа даатган, байгаль эхээ хайрлаж буйгаа илэрхийлж байдаг боловч хадаг хэмээх эдийн буяныг гомдоож байгаа мэт.

30. Овоог хогийн цэг болгохоо больё
Овоон дээр хог хаях нь байгаль эхээ бузарлаж байгаа хэрэг яах аргагүй мөн. Энэ нь бараг л энгийн байдал болсон мэт. Та сүсэг бишрэлээ шингээн залбирдаг газраа хог хаягдал бүү хаяарай. Та залбирч мөргөснөөсөө ч илүү их буян үйлдэх болно.

31. Гялгар уут, хаймар түлэхийг зогсооё
Энэ нь агаарыг асар ихээр бохирдуулан уушгийг хордуулдаг ажээ. Тэгэхээр, та ийм үйлдэл хийхээс зайлшгүй байсан ч татгалзах нь зүйтэй.

32. Алхаж явах аминд тустай
Алхах нь эрүүл мэндэд тустай төдийгүй байгаль орчинтойгоо танилцах маш их боломжийг нээдэг. Ингэхээр та завтай үедээ алхаж байгаарай.

33. Машины тосыг хөрсөнд бүү шингээ
Ингэснээр та хөрсийг бохирдуулахын зэрэгцээ түүнд ууршсан хийгээр амьсгалан хордох аюултай.

34. Салхин сэнс, нарны зай ашиглая
Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд үүнийг хэрэглэдэг гэж хүмүүс ойлгодог боловч энэ нь овор хэмжээний хувьд авсаархан бөгөөд мөнгөнд хэмнэлттэй ажээ.

35. Ховор амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөө зогсооё
Амьтны арьсаар хийсэн хүрэм өмсөөд явах нь орчин үед үеэ өнгөрөөж байна. Энэ нь таны мэдлэг хэр нэмгэн, хэр дорой байгаагийн л илэрхийлэл болж хоцрох нь.

36. Зөвшөөрөлгүй ан агнаж мод огтлохыг тэвчье
Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн, ахархан бодолтой хүний увайгүй үйлдэл. Иймд ямар нэгэн зүйлийг мэдвэл зохих газарт нь мэдэгдэж, нийтээрээ тэмцье.

37. Шүршүүрт түргэн орох
Хэрвээ та шүршүүрт удаан ордог бол хэдхэн минут зарцуулах хэрэгтэй. Тэгснээр, та ус хэмнэхээс гадна мөн усыг халааж байгаа эрчим хүчийг хэмнэн төлбөр тооцоо ч багасах болно. Түүнчлэн та эрч хүчээ хэмнэх боломжтой.

38. Гарын алчуурыг сальфетик болон цаасны оронд хэрэглэх
Нэг удаагийн хэрэглээний зүйлийг ашигласнаас дахин хэрэглэгдэх зүйлийг хэрэглэх нь байгаль орчинд илүү зохимжтой байдаг. Энэ нь цаас хийхэд хэрэглэгдэх модыг хэмнэн түүнийг хийх хүч хөдөлмөрийг хөнгөвчилнө. Ингэж, их хүч хөдөлмөр гаргаж хийгээд хог болох нь харамсалтай.

39. Өнөөдөр хэвлэхгүй байвал
“Хувилах” товчлуурыг дарахаасаа өмнө энэ материал зайлшгүй шаардлагатай юу гэдгийг өөрөөсөө лавлан асуу. Үүний оронд электрон шуудангаар илгээж болно шүү дээ. Түүнийг өөрийн компьютерт хадгал. Цаасан дээр бичсэнээс компьютераасаа уншвал ямар байна? Зарим үед цаасаа хэмнэж байвал зүгээр. Хэрэв нэг талдаа хэвлэлттэй хэрэггүй хэвлэгдсэн цаас байгаа бол нөгөө хэсгийг нь албан бус зүйл хэвлэхдээ ашиглаж байгаарай. Ингэснээр жилд нэг тонн гаруй цаасыг хэмнэх болно.

40. Гэрэл болон зурагтаа хэрэглээгүй үедээ унтраая
Хэсэг зуур ч гэсэн өрөөнөөсөө гарахдаа гэрлээ заавал унтраагаарай. Энэ нь хэрэггүй юм шиг боловч эрчим хүчийг ихээр хэмнэж байгаа юм. Цахилгаан үүсгүүртэй зүйлсийг хэрэглээгүй тохиолдолд унтрааж байх нь ашигтай.

41. Ахин цэнэглэдэг зай хэрэглээрэй
Нэг удаагийн зай аваад дандаа хаяж байхаар цэнэглэдэг зай авбал танд ашигтай. Жаахан үнэтэй ч гэсэн удаан хэрэглэнэ шүү дээ.

42. Дугуйгаа хийлэх
Хүмүүс машиныхаа дугуйн хийг гарсныг мэддэггүй. Тэгэхээр та дугуйгаа байнга шалгаж байгаарай. Үүнд хэдхэн л минут зарцуулагдана. Ингэснээр та шатахууны хэрэглээгээ багасган дугуйгаа удаан хэрэглэх боломжтой. Мөн дугуйг элэгдэхээс хамгаална.

43. Байгаль орчны талаарх үйл ажиллагаанд нэгдэх
Та байгаль орчны талаар ажил хийдэг санаа сэддэг холбоодтой нэгдээд үзээрэй. Энэ нь танд байгаль орчноо хамгаалах талаар бодол санааг бий болгоно. Одооноос эхлээд хэн хаана ямар сайхан зүйл хийгээд байна сонирхоцгооё.

44. Цахилгаан бараа худалдан авахдаа эрчим хүчинд хэмнэлттэйг сонгох
Хэдийгээр эрчим хүчинд хэмнэлттэй бараа нь жирийн цахилгаан бараанаас бага зэрэг үнэтэй боловч эрчим хүчний ихээхэн хэмнэлттэй байдаг ажээ. Таны цахилгааны мөнгө багасна гэдэгт итгэж болно.

45. Угаалгын машиныг аль болох цөөн ашиглах
Угаалгын машинаар хувцсаа угааснаар таны ажил хөнгөрөх боловч эрчим хүч их зарцуулагдан, эцсийн үр дүнд тооцоо тань чамгүй гарах болно. Мөн хувцасны эдэлгээ ч богиносдог. Цаг завтай үедээ гараараа угаалга хийж хөлсөө гаргах нь таныг жин нэмэхээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.

46. Хог дахин боловсруулах төв нээх
Энэ нь маш зөв арга гэж дүгнэж болно. Учир нь уг төвийг нээснээр олон хүн ажилтай болох төдийгүй орчныг бохирдлоос аврах болно.

47. Салаа замаа багасгацгаая
Хөдөө орон нутгийн зам хэдэн салааг хэлэхэд хэцүү. Үүнийг хараад таны толгой эргэж гүйцдэг гэдэгт итгэж байна. Үүний хамгийн сөрөг нөлөө нь хөрсийг сүйтгэж байгаа хэрэг. Тийм учраас та байгаа замаараа яван дахин зам бүү гаргаарай.

48. Гол ус булаг шандаа бохирдуулахгүй байх
Монголчууд эртнээс ус бохирдуулахыг цээрлэж ирсэн. Энэ нь хамгийн чухал хэрэгцээ болох усаа хамгаалах нэгэн төрлийн арга байжээ. Ус бохирдсоноос амьд амьтан, байгаль орчин бохирдох өрөг нөлөөтэй. Та усыг аль болох цэвэр байлгахыг хичээгээрэй.

49. Модон жорлонгоо сайжруулья
Хаана ч бай хүний орчин ариун цэврийн өндөр түвшинд байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр тухайн улс орны хөгжлийг тодорхойлох үзүүүлэлт болдог ажээ. Бид хэрэглэж ирсэн модон жорлонгоо ч бас Эко жорлон болгож болно. Энэ тухай судлаарай. Эко жорлон хийдэг Германы Техникийн Хамтын Ажиллагааны төсөл байдаг юм байна лээ.

50. Таны санаачлага.
Байгалиа хамгаалж амьдарч буй орчноо сайхан болгоход таны бодож байгаа санал юу вэ, юу хийж болмоор байна. Та бүхэн өөрийн саналаа бичээрэй.

Магсар Базаррагчаа

0 comments:

Post a Comment